Ашигт малтмалын түүхий
эдийн үнийн өсөлт
болоод эрэлт хэрэгцээ ялангуяа Хятад болон Энэтхэгт эрс нэмэгдэж байгаатай
холбоотойгоор, Ази Номхон далайн бүсийн уул уурхайн олборлолтын сектор дэлхийн анхаарлын төвд байна. "ASEAN
Federation of Mining Association" /AGMA/ болон Chamber of Mines of the
Philippines байгууллагын ерөнхийлөгч Б.Ромуалдесийн тэмдэглэж буйгаар, Ази
Номхон далайн орнууд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн аж үйлдвэр лүү татахын тулд төрийн
зохицуулалтыг багасгаж, зах зээлээ нээж байгаа аж.
1984 онд байгуулагдсан AFMA-гийн гол үйл ажиллагаа нь
Индонез, Филиппин, Малайз, Тайландын уул уурхайн салбарын удирдах байгууллагын
шийдвэрээр уул уурхайн олборлолтын секторын хөгжлийг хангахад чиглэгддэг юм
байна. Энэ холбоо арилжааны бус байгууллага бөгөөд гишүүнчлэлд АСЕАН-ны гишүүн
орнуудын хувийн уул уурхайн компаниуд багтдаг аж. Тус холбооны зорилго нь
гишүүн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр, хууль эрх зүйн асуудлаар
мэдээлэл солилцох, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулах, ашигт малтмалын
салбарт шинэ дэвшилтэт техник технологи
нэвтрүүлэх, уул уурхайн секторт тааламжтай нөхцөл бий болгоход тодорхой арга
хэмжээ авах, төрөл бүрийн уулзалт, чуулган, үзэсгэлэн зохион байгуулах,
салбарын олон улсын байгууллагатай харилцаа холбоо тогтоох, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
АСЕАН-ны орнуудаас Индонез болон Филиппин улс ашигт
малтмалын нөөцөөрөө
шинэ хөрөнгө оруулагчдын илүү ихээр татаж байгаа гэнэ. Мөн түүнчлэн Лаос,
Вьетнам уул уурхайн компаниудын сонирхлыг татаж байна. Харин Малайз, Тайланд
дэд бүтэц сайтай учир гадаад оронд үндэснийхээ компаниудыг өргөжүүлж эхэллээ.
Сүүлийн 20 жилд Хятад болон Энэтхэг хоёр улсын эдийн
засгийн өсөлт нь хоёр дахин нэмэгдсэн байна. Олон улсын шинжээчдийн прогнозоор
ойрын 20 жилийн хугацаанд энэ өсөлт нь дахин үржих төлөвтэй байна гэнэ. 2030
онд Хятад дэлхийн эдийн засгийн хоёр дахь томоохон улс болно. Харин Энэтхэг дөрөвт
багтах аж. Тиймээс эдгээр улс орнууд дэд бүтэц, барилга байгууламжийн томоохон
хөтөлбөр явуулж эхлээд байгаа
бөгөөд металл, ашигт малтмалын түүхийн эдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна.
|