Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:41 AM
Main » 2009 » 1-р сар » 22 » Шинээр хөгжиж буй орнууд дэлхийн бодлогод хүч түрэн орж ирж байна
11:43 AM
Шинээр хөгжиж буй орнууд дэлхийн бодлогод хүч түрэн орж ирж байна

Европ, Хойд Америкийн дэлхийн эдийн засаг, банк, санхүү, техник, технологи, соёл, мэдээллийн салбарт дангаар ноёрхож байсан байдал аажмаар буурч, байхгүй болж байна. Тухайлбал, өнөөдөр Хятад валютын нөөцөөр дэлхийд 1 дүгээрт, экспортын хэмжээгээр 2 дугаарт, Бразил хөдөө аж ахуйн бизнес, биотүлшний салбарт, ОХУ эрчим хүч, металлын салбарт, Энэтхэг мэдээллийн технологи, эм хангамж, автомашины эд анги, Хятад ган хайлуулалт, гэр ахуйн цахилгаан бараа, холбооны тоног төөхөөрөмжийн салбарт тус тус тэргүүлж байна. Харин АНУ-ын цэргийн салбар дахь давуу байдал нэлээд хугацаанд хадгалагдах төлөвтэй.

Шинээр эрчимтэй хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн салбарт олсон амжилт, менежмент нь дэлхийн бусад орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж, одоо төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засгийн загвар улам бүр шохойрхогдох болов.

Олон улсын валютын сангаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн том эдийн засагтай 12 орны тоонд өрнөдийн үйлдвэржсөн зөвхөн 4 орон багтаж байхад, шинээр хөгжиж буй орнуудаас 8 орон орсон байна. Эдгээр орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг худалдан авах чадвараар нь Олон улсын валютын сангаас 2007 оны байдлаар тооцож гаргасан судалгаанаас үзвэл:

1.АНУ
2.Хятад
3.Япон
4.Энэтхэг
5.Герман
6.ОХУ
7.Франц
8.Бразил
9.Мексик
10.БНСолонгос улс
11.Индонези
12.Турк оржээ.

АНУ-ын Үндэсний судалгааны зөвлөлөөс 2008 оны арваннэгдүгээр сард гаргасан “Дэлхийн хөгжлийн төлөв, 2025” судалгаанд дурдаснаар, Хятад, Бразил, Энэтхэг, ОХУ-ын ДНБ-ний хэмжээ нь 2040-2050 онд одоогийн их долоогийн буюу хэмжээнд очно. Хятад ДНБ-нийхээ хэмжээгээр 2008 онд Их Британийг, 2010 онд Германыг, 2015 онд Японыг, 2035 онд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Энэтхэг 2014 онд Италийг, 2016 онд Францыг, 2021 онд Германыг, 2026 онд Японыг тус тус гүйцэж түрүүлнэ. 2025 онд дэлхийн хамгийн том 8 эдийн засагт АНУ, Хятад, Энэтхэг, Япон, Герман, Англи, Франц ба ОХУ байх ажээ. Хэрвээ Хятад, Энэтхэг, ОХУ нь бодлогын томоохон асуудлуудаар нэгдвэл дэлхийн бодлогод шийдвэрлэх нөлөөтэй болно. Тэдгээрийн дараа Индонези, Иран, Турк орж, улам нөлөөтэй болж байна. Тийм учраас дэлхийн бодлогын төв Хойд Америкаас Ази руу аажмаар шилжиж байгааг төвөггүйхэн харж болно.

Дэлхийн хүн амын ихэнх нь хөгжиж буй орнуудад амьдарч, цаашдаа ч өсөх хандлагатай байхад өрнөдийн орнуудын, юуны өмнө Европ, Японы хүн амын тоо нэмэгдэхгүй буюу хөгшрөх төлөвтэй байна. Дэлхийн хүн ам 2050 онд 9 тэрбум болох ба тэдний 86 хувь нь хөгжиж байгаа болон шинээр хөгжиж буй оронд, түүний хагас нь Хятад, Энэтхэгт амьдрахаар байна. Гэтэл өрнөдийн үйлдвэржсэн баян орнууд болох АНУ, Европ, Японы хүн ам нь дэлхийн хүн амын дөнгөж 9 хувь болох ажээ.

Сүүлийн хэдэн жилд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн 80 хувийг дангаараа хангаж байна. ОУВС-аас хийсэн судалгаагаар 2009 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт -0,5 хувь, Европын Холбоо 0 хувь, Япон +0,4 хувь, харин шинээр эрчимтэй хөгжиж буй орнуудын өсөлт +5,7 хувь байх болно гэжээ.

Дээрх нөхцөлтэй холбогдон ХХI зуунд олон улсын харилцаанд шинэ системийг тогтоох асуудал амьдралаар урган гарч тавигдаж байгаа болно. Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын банк санхүү, эдийн засгийн систем болох Бреттон Вуудын системийг бий болгож байхад түүнийг үүсгэн байгуулагчдаар 44 орон оролцож байсан бол, өнөөдөр Олон улсын валютын сан нь 185 гишүүнтэй болсон төдийгүй, тэр үеийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн байна. Бреттон Вуудын системийг бий болгосон үе нь дэлхийн дайны дараах үе байсан тул түүнийг үүсгэн байгуулагчдын дунд хөрөнгө мөнгөтөй улс цөөн байсан, хөгжиж буй олон орон колоничлолын системээс чөлөөлөгдөж чадаагүй байсан тул гишүүн орнууд нийлүүлсэн хөрөнгө мөнгөнийхээ хэмжээгээр санал авч ОУВС, Дэлхийн банкны удирдлагад оролцож байжээ. Тийм учраас өрнөдийн үйлдвэржсэн баян орнууд ОУВС, Дэлхийн банкны удирдлагыг дангаараа шахам бүрдүүлж, хяналт тавьж, зохицуулах бүрэн бололцоотой болсон юм. Энэ систем өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа тул түүнийг ХХ1 зууны өндөрлөгт нь зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа болно.

Хөгжиж буй орнуудын олон улсын банк санхүү, эдийн засгийн системийг шинэчлэн өөрчлөх, эдийн засгийнхаа бодит жинг дэлхийн улс төр, олон улсын инститүүдэд бэхжүүлэх чиглэлээр шийдэмгий алхмууд хийж байгаа нь эхнээсээ тодорхой үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар хөгжиж буй орнуудаас хамгийн их нөлөөтэй болсон байгууллага нь Дэлхийн худалдааны байгууллага болжээ. Энд аливаа асуудлыг консенсусаар буюу нийтийн тохиролцоогоор шийдвэрлэх тул тэдэнтэй тохиролцохгүйгээр асуудлыг шийдвэрлэх бололцоогүй болсон. Тийм ч учраас ДХБ-ын хүрээнд гаргах шийдвэрийн төслийн талаар Их 4-ийн бүлэг буюу АНУ, Европын Холбоо, Бразил, Энэтхэг гэсэн 4 орны төлөөллөөс бүрдсэн G4-өөр урьдчилан ярьдаг болжээ. Мөн хөгжиж буй орнууд G90-ийн хүрээнд өөрийн байр сууриа тодорхойлон гаргаж байна.

Хөгжиж буй орнууд ОУВС-д оруулсан хөрөнгийн хэмжээгээр санал өгдөг хуучин зарчмыг өөрчлөх талаар зарчмын амлалтыг авсан ба 2007 онд шинээр эрчимтэй хөгжиж буй зарим орны саналын эрхийг, 2008 онд бусад 50 гаруй орны саналын эрхийг бага ч болов нэмэгдүүлэх завсрын шийдвэрийг тус тус гаргуулж чадсан байна. ОУВС-д хийгдэх өөрчлөлтийг Ж.Бушийн засаг захиргаанаас саатуулж байсан ба одоо шинэ Ерөнхийлөгч Обамагийн үед дээрх хандлага өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа юм.

Сүүлийн 20 жилд хөгжиж буй орнууд дэлхийн зах зээл дээр түүхий эд, эрчим хүчний эх булгийн хэрэглээ, үнэ нэмэгдсний дүнд худалдаа, төлбөрийн балансын ашгаас ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан нь өнөөгийн олон улсын санхүү, эдийн засгийн хямралын үед томоохон хөзөр болж байна. Өнөөдөр өрнөдийн орнуудын банк, санхүүгийн систем нь хямралд орж бэлэн мөнгө ховордсон, эдийн засгаа хямралаас аварч, сэргээхийн тулд томоохон хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Гэвч өрнөдийн орнуудын засгийн газарт дээрх хөтөлбөрөө хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө байхгүй байна. Энэ нөхцөлд өрнөдийн орнуудад дутагдаж байгаа мөнгийг Хятад, Энэтхэг, ОХУ, Персийн булангийн орнууд гаргаж өгч байна. Эдийн засагчдын судалгаанаас үзвэл 2009 онд Европын орнуудын засгийн газраас 7 хоног тутамд 20 тэрбум еврогийн засгийн газрын үнэт цаасыг гарган зах зээл дээр борлуулж байгаа ажээ.

Даяаршлын үед дэлхийн улс орнууд, ялангуяа томоохон орнууд хамтарч шийдвэрлэхээс аргагүй асуудлууд олон болжээ. Тэдгээрийн тоонд дэлхийн банк санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах, цаг агаарын дулааралтай тэмцэх, эрчим хүч, хоол хүнсний найдвартай хангамжийг бий болгох, олон улсын терроризмтай тэмцэх, цагаачлагчдыг байршуулах зэрэг асуудлууд орж байна. Эдгээр асуудлуудыг дэлхийн хэмжээнд авч үзэж, хамтын чармайлтаар шийдвэрлэх, бүр багцаар нь авч шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй байна. Тийм ч учраас дэлхийн хэмжээнд хүн төрөлхөтний амин чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааны механизмууд үүсч бий болов. Эдгээрт хөгжиж буй орнуудын жин, байр суурь улам бүр нөлөөтэй болж байна. Дэлхийд хамгийн том эдийн засагтай 20 орон Их 20-ын бүлэг буюу G20-ын бүлгийг байгуулан ажиллуулсан. Их 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт 2007 оны 12 дугаар сард Вашингтонд болж, дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас гаргах арга хэмжээний талаар ярилцаж зарим тодорхой шийдвэрийг гаргасан. Их 20-ын бүлэг ирэх 4 дүгээр сард Лондонд хуралдаж, олон улсын санхүү, эдийн засгийн системийг ХХ1 зууны нөхцөлд нийцүүлэн өөрчлөх чиглэлээр түүхэн шийдвэр гаргах ёстой.

Сүүлийн хэдэн арван жилд бүс нутгийн хөгжлийн олон банк байгуулагдаж, тэдгээрийн хөрөнгө мөнгө нь ОУВС, Дэлхийн банкны зээл олгох хөрөнгийн хэмжээнээс хавьгүй давсан байна. Тухайлбал, ОУВС-гаас зээл олгоход зориулсан хөрөнгийн хэмжээ нь 250 тэрбум ам. доллар байгаа бол биеэ даасан сангуудын хөрөнгийн хэмжээ 3 865 тэрбум ам.доллар болжээ. Эдгээр сангууд нь үндсэндээ хөгжиж буй орнуудынх байна. Зарим сангийн хөрөнгө нь ОУВС-ийн зээл олгоход зориулсан хөрөнгөөс хэд дахин илүү болжээ. Хөгжиж буй орнууд өөр хоорондын хамтын ажиллагаанд улс төрийн нөхцөлгүй, илүү шударга нөхцлөөр зээл олгож, эдийн засаг, санхүүгийн туслалцааг харилцан үзүүлж байгаа тухай улам бүр их бичих болов.

Дэлхийн бодлогын цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцэн чиглэл гаргадаг байсан G7, G8-ын бүлгийн хүрээг өргөтгөн түүнд Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, ӨАБНУ-ыг оруулан G13-ын бүлгийн хэлбэрээр ажиллах болсон ба 2009 онд түүнд Египетийг нэмж оруулан G14-ийн хэлбэрт оров. Ийнхүү дэлхийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын үүрэг роль жилээс жилд өсч байна. Хөгжиж буй орнууд нь өөр хоорондынхоо хамтын ажиллагааг өргөжүүлж, G77+Хятад, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, G5(Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Бразил, Мексик), G90 (нийт хөгжиж буй орнууд) бүлгийн хэмжээнд бодлогынхоо зохицуулалтыг хийж байгаа болно. Мөн сүүлийн жилүүдэд Хятад+Африк, Энэтхэг+Африкийн клубууд ч байгуулагдав. Тэдний өөр хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилготой сангууд ч байгуулагдсан.

Хөгжиж буй орнууд өөрсдийн зүгээс дэлхийн эдийн засагт эзлэх байр суурьтайгаа тэнцэх хэмжээний байр суурийг дэлхийн улс төрийн системд ч эзлэх бодлого явуулж байгаа болно. Тухайлбал 1 тэрбум гаруй хүн амтай, дэлхийн 12 дахь эдийн засагтай Энэтхэг улс, 50 гаруй орноос бүрдсэн Африк тив, эрчимтэй хөгжиж буй Латин Америк нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын гишүүний төлөөлөлгүй байна. Хөгжиж буй орнуудаас энэ чиглэлээр сүүлийн олон жилийн турш явуулсан чармайлт нь одоо биелэлээ олох замд ороод байна. 2009 онд НҮБ, түүний системд, юуны өмнө Аюулгүйн Зөвлөлтийг өөрчлөх асуудал нэлээд нухацтай яригдах төлөвтэй.

Category: world news | Views: 1066 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]