Монголын хөрөнгийн бирж ямархуу байдалтай байна вэ? Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал ямар нөлөө үзүүлж байна вэ? Үнэндээ
саяхнаас л дэлхийн санхүүгийн хямралын талаар ярьж байгаа монголчуудын
хувьд хувьцааны талаар төдийлөн ойлголтгүй. Түүнчлэн хямрал хөрөнгийн
зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар энэхүү салбарт “буцалж” буй хүмүүсээс
бусдад нь мэдээлэл алга. Тиймээс
хөрөнгийн зах зээлийнхэн 18 жилийнхээ ойн өдөр хэдийгээр баяр болж
буй ч бас бий болж магадгүй эрсдэл, нөхцөл байдлын талаар санал
солилцлоо. Өнгөрсөн баасан гаригт
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон мэтгэлцээний
үеэр Монголбанкны ажилтан, судлаач Д.Батням, Д.Ган-Очир нар хөрөнгийн
зах зээлд хямрал хэрхэн нөлөөлж болох талаар илтгэл тавьж мэтгэлцээн
өрнүүлэв. Энэ нь тухайн судлаачдын өөрсдийнх нь санаа бодол,
аргачлалаар хийсэн урьдчилсан тойм бөгөөд цаашид өргөжүүлэн судлах
зүйл их байгаа гэж тэд тайлбарлаж байсан. Тэд дэлхийн санхүүгийн хямрал
Монголын хөрөнгийн зах зээлд дам утгаар нөлөөлж болохуйц гаргалгааг
голчлон харсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал манай макро
эдийн засагт нөлөөлөл үзүүлбэл энэ нь эргээд хөрөнгийн зах зээлд нөлөө
үзүүлэх юм гэсэн байдлаар судалгаагаа хийжээ. Тэдний үзэж буйгаар
эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт энэ жилийн хоёр, гуравдугаар
улиралд хамгийн их оргил нөлөөлөлтэй байна гэж тооцоолжээ. Энэ
нь хөрөнгийн зах зээлд энэ жилийн гурав, дөрөвдүгээр сард мөн хамгийн
их оргил нөлөөгөө үзүүлж хувьцааны үнэ 2005-2006 оны төвшинд хүрч
магадгүй гэжээ. Хөрөнгийн зах зээл, хувьцааны үнэд валютын ханш, зэсийн
үнэ, зээлийн хүү, инфляци, мөнгөний нийлүүлэлт, Дотоодын нийт
бүтээгдэхүүн нөлөөлдөг. Мөн манай улсын импортын 80, экспортын 35-40
хувийг эзэлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, бууралт чухал нөлөөтэйг
онцолжээ. Тэдний тооцоолсноор төгрөгийн ханш нэг хувь суларсан
тохиолдолд ТОП-20-ийн индекст 1,1 хувийн нөлөөлөл үзүүлэхээр байгаа
гэнэ. Монголын хөрөнгийн зах зээлд
банкууд хувьцаагаа гаргаж буй нь нэг нэгнээ орлох бус хослох
хэмжээгээр хөгжиж буй. Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Д.Баярсайхан Монголын санхүүгийн зах зээл банк давамгайлсан шинжтэй
байгаа. Тиймээс хөрөнгийн зах зээлийг тэнцүү хөгжүүлэх шаардлагатай
байгаа. Зөвхөн банк давамгайлсан санхүүгийн зах зээл эрсдэл дагуулах
магадлалтай гэдгийг сануулав. Хувьцааны
үнэ 15 хувь буурлаа гэсэн биржийн товчхон мэдээ урсах зуур хямралын
айдсыг дахиад л сэрвэгнүүлнэ. Үнэндээ дэлгэрэнгүй хүснэгтийг сөхөж
харах юм бол өнөөх бууралтын сум заасан хувьцаа тухайн өдөр ганцхан
ширхэг 21 төгрөгөөр зарагдсан байх жишээтэй. Энэ мэт бяцхан зүйл ч
заримдаа хямралын айдсыг дэврээгээд ч байх шиг. Гэхдээ
л Монголын хөрөнгийн биржийн арилжаа, хувьцааны үнэ хувиар
илэрхийлбэл багагүй буурсан харагддаг. Хувь, ширхгээр яривал олон мэт
харагдах ч нэг бүрчлэн харах юм бол нэг хэсэгтээ цэцэглэх шинжтэй
байсан биржээр өдөрт сая гаруй төгрөг л эргэлдэх хэмжээ харагдаж буй.
Тэгвэл энэ бол хувьцаа нэг их уналаа гэж айх зүйл биш гэж “Би Ди Сек”
брокер дилерийн компанийн захирал Д.Даянбилгүүн үзэж байна. “Оны
эцсийн арванхоёр, оны эхний нэгдүгээр сард ерөнхийдөө санхүүгийн зах
зээл хөдөлгөөн багатай байдаг. Тэгээд ч балчир, дөнгөж хөгжиж буй гэхэд
манай хувьцаат компаниуд сайн байгаа. Удахгүй цөөнгүй компани ногдол
ашгаа тараах гэж буй” гэж тэрбээр үүнийг тодотгон тайлбарласан юм.
Үүнийг ч Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү дэмжиж буй.
Хэдийгээр нэг хэсэг арилжааны дүн 900 тэрбумаар илэрхийлэгдэж байснаа
одоо 500 тэрбум дээр ирж байгаа ч энэ нь хувьцааны үнэ сэхэхгүйгээр
буурч буй хэрэг биш харин ч 500 тэрбум гэсэн хязгаар дээрээ ирээд
тогтворжин зогсч буй. Хоёр сарын турш энэ төвшин дээрээ л байгаа нь
нэгийг өгүүлж буй хэрэг гэж тэрбээр ярилаа. Монголын эдийн засаг тэр
дундаа хөрөнгийн зах зээлд өндөр хувиар яригдаж байсан өсөлт хямралыг
дагаад буурч байгаа нь хий хөөсөө шахаж буй бас нэг сайн талтай байж
болохыг ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан сануулж
байсан. Басхүү хямрал хямрал гэж айн
ширвээтэх бус хямрал өөрөө бас боломж олгож байдаг гэдгийг ноён
Д.Даянбилгүүн ч, мэтгэлцээнд оролцсон хөрөнгийн зах зээлийнхэн ч
онцолж хамтдаа хүчин чармайлт гаргаж хямралыг хохирол багатай даван
туулахаар ажиллацгаая гэж байлаа.
|