АНУ-ын
шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамт галт тэргээр
Пенсильвани мужийн Филадельфи хотоос Вашингтон орохоор гарлаа. Энэ нь
түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлт болов.
Обамагийн
аяныг 1861 онд Америкийн ерөнхийлөгч Авраам Линкольны Вашингтонд ирсэн
жишгээр зохион байгуулж байна. Линкольны адил Обама замдаа хэд хэд
буудаллаж, ард иргэдтэйгээ уулзах гэнэ. Делавэр мужийн Уилмингтон хотод
Обамаг Жо Байден угтан тосч Вашингтонд тэд хамт ирэв. Дэд
ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден Дэлавэр мужийн сенатор байхдаа
Вашингтонд ажилдаа очихдоо үргэлж галт тэргээр явдаг байжээ.
Галт
тэргэнд суухын өмнө Обама товчхон үг хэлсэн байна. Үгэндээ тэр 1776 онд
Филадельфи хотноо Тусгаар тогтнолын тунхаглал гаргасан АНУ-ыг
үндэслэгчдийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Америкчуудын
өмнөх зорилтыг тэр “Тусгаар тогтнолын шинэ тунхаглал хэрэгтэй” гэж
тодорхойлов. Сонгогдсон ерөнхийлөгч эдийн засгийн хямрал, Афганистан ба
Иракийн дайн, бүх нийтийн дулаарал болон нефтийн хамаарлын талаар
хөндөн ярьсан байна.
Шинэ
ерөнхийлөгч ба шинэ дэд ерөнхийлөгч нарын галт тэргээр хийсэн аян бямба
гаригт Вашингтонд ирснээр өндөрлөв. Сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама
радиогоор бямба гаригт ээлжит үгээ хэлэн ард түмэндээ хандав. Тэр “Нэг
удирдагчаас нөгөө удирдагчид засгийн эрх тайван замаар шилжиж байгаа нь
Америкийн ардчиллын гол үнэт зүйлсийн нэг” гэдгийг онцолсон байна.
Ардчилсан нийгмийн үйл ажиллагааны чухал хэсгийн нэг болсон энэ арга
хэмжээнд Америк анхаарал бага хандуулж байна гэж тэр мэдэгдлээ. Тэмцэл,
цус урсгалгүйгээр засгийн эрхийг шилжүүлдэг удирдагчдыг дэлхийн хэдэн
тэрбум хүн төсөөлөх ч үгүй байна. Үндэстэн олон энэ ёслолын дараа ч,
тангараг өргөх ёслолын үзэл санааг авч яван одоо улс оронд учраад
байгаа эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх ёстой гэж Барак Обама хэлжээ.
Тангараг
өргөх ёслолын өмнө Вашингтон хотыг орон гэргүй хүмүүсээс цэвэрлэх арга
хэмжээ авч байна. Орон гэргүй хүмүүст туслах Америкийн үндэсний
нэгдлийн мэдээгээр нийслэлийн төвийн Цагаан ордны хавийг өөрсдийн оршин
суух газар хэмээн 1200 тэнүүлч үздэг ба хотод нийтдээ 6-12 мянган хүн
орон гэргүй ажээ. Хотын захирагчийн хэлснээр шинэ ерөнхийлөгчийн
тангараг өргөх ёслол нь хотын төсвөөс 47 сая долларын зардал гаргуулж
байна. Нийт 400 мянган хүн амтай хотод энэ арга хэмжээний үеэр бараг
хоёр сая шахам хүн ирэх гэнэ. Тэдний зарим нь зочид буудалд буух мөн
инагурацийн үдэшлэгт орохын тулд хэдэн арван мянган доллар төлөхөд
бэлэн байна.