Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:40 AM
Main » 2009 » 1-р сар » 18 » Гал зогсоох шийдвэрийг ганцаараа гаргажээ
5:00 PM
Гал зогсоох шийдвэрийг ганцаараа гаргажээ

 Израилийн Засгийн газар бямба гаригийн орой хийсэн хуралдаанаараа Газын зурваст гал зогсоох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтын дараа Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт мэдэгдэхдээ ХАМАС-ын эсрэг явуулсан цэргийн ажиллагаа амжилттай болж, тавьсан зорилгоо биелүүллээ гэж мэдэгдсэн байна. Хэрэв ХАМАС-ын талаас халдлага үргэлжлэх аваас байлдааны ажиллагааг сэргээх эрхээ Израиль өөртөө үлдээж буйгаа сануулжээ.

Үүнээс өмнө ХАМАС мэдэгдэл хийж хэрэв тэдний гаргаж буй саналыг Израиль хүлээн авахгүй бол байлдааныг зогсоохгүй гэж мэдэгдсэн байна.  Мөн тэр өдөр Египетийн ерөнхийлөгч телевизээр үг хэлэн Газын зурваст байлдааныг зогсоож, цэргээ тэндээс гаргахыг Израилиас шаардсан байна. Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак Израиль ба ХАМАС хоёрыг эвлэрүүлэхээр оролдож байгаа юм.

Израилийн мэдээгээр бямба гаригт шилжих шөнө Израилийн нисэх хүчин ХАМАС-ын 50 цэгт агаарын цохилт өгсөн байна.

Катарт болсон Арабын орнуудын лигийн саммит дээр ХАМАС хөдөлгөөний лидер Халед Машааль хэлэхдээ Газын зурваст гал зогсоох Израилийн саналыг үл зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байна. ХАМАС хөдөлгөөний хөөгдмөл лидер сөргөлдөөнийг хурцатгасан гэм бурууг Израильд тохлоо. Еврейн улс энгийн палестин иргэд ба хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг дайн явуулж байна гэж тэр хэлэв.

Иран хэдийгээр Арабын лигийн гишүүн биш ч гэсэн тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад уг саммитад оролцон ХАМАС-тай эв санааны нэгдлээ илэрхийлжээ. Палестины албан ёсны засаг захиргаа, Египет, Саудын Араб татгалзсан ч гэсэн саммит боллоо.

Сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээр байгуулахад ойртсон тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэхдээ Израиль дангаараа гал зогсоох боломжийг авч үзэх ёстой гэж үзэж байлаа.

Гэсэн ч бямба гаригт байлдааны ажиллагаа үргэлжлэв. Израиль Газын зурваст цохилт хийж, палестинчууд Израилийн өмнөд нутгийг буудаж байв. Израилийн дипломатууд АНУ ба Египетэд эвлэрлийн гэрээ байгуулах нөхцөлийн талаар ярилцахаар ирцгээсэн байлаа.

Вашингтонд Израилийн  Гадаад хэргийн сайд Ципи Ливни хүрэлцэн ирж Египетээс зэвсгийн нууц наймаа хийгдэж байгааг зогсоох хэлэлцээрийн заалтуудын талаар нарийвчлан ярилцлаа. Каирт Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Амос Гилад хоёр дахь хоногтоо Египетийн зуучлагч нартай ярилцаж байна.

ХАМАС эвлэрлийн хэлэлцээрийн хугацааг нэг жилээр сунгах, Израилийн цэргийг Газаас гаргах, хилийн боомтуудыг нээх зэрэг  саналыг гаргаад байна.

Палестины талын мэдээгээр байлдааны ажиллагаа үргэлжилсэн гурван долоо хоногийн дотор Газын зурвасын 1100 хүн, тэдний дунд 300 хүүхэд амиа алджээ. Израилийн талын хохирол 13 хүн байна.

Category: world news | Views: 1034 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]