Welcome Традер | RSS

JohnyFX

Даваа гараг, 2025-07-21, 9:15 PM
Main » Articles » Алдартай хүмүүсийн түүхээс

Жон Дэвисон Рокфеллер-ийн амжилтын нууцаас...
Рокфеллер ажлын гараагаа 16 настайдаа эхэлсэн
Жон Дэвисон Рокфеллер 1839 оны долдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Иорк хотын Ричфордод зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж мэндэлжээ.

Рокфеллер анх 16 настайдаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн билээ. Тэрбээр нягтлан бодогчийн туслахаас дэлхийн хамгийн агуу бизнесмэн болтлоо дэвшиж чадсан юм. Түүний хамгийн анх ажиллаж байсан компани нь зах зээл дээр тийм ч том орон зай эзэлдэггүй учраас Рокфеллерийн гурван сарын цалин ердөө 50 ам.доллар байжээ. Яг энэ үед Рокфеллер тэтгэвэртээ гараад өөрийнхөө нийт хөрөнгөний арваас илүү хувийг хүмүүнлэгийн ажилд буюу буяны үйлсэд зарцуулна хэмээн өөртөө амласан байна. Энэхүү амлалтаа Рокфеллер биелүүлж чадсан юм.

Рокфеллер эрс өөрчлөгдөв
Иргэний дайны дараагаар Америкийн хамгийн хөгжингүй таван газрын нэг нь Кливлэнд байлаа. Харин 1870 оны нэгдүгээр сард Рокфеллер Огаиогийн газрын тосны үйлдвэрийг эзэмшснээр Кливлэндийн улам бүр хурдацтайгаар хөгжих болсон. Түүний "Стандарт-Оил" корпораци Америкийн зах зээлийн 90 хувийг дангаараа эзэмшиж, газрын тосны чиглэлээр үйлдвэрлэлээ явуулдаг 34 компанийг дампууралд хүргэж, ноёрхлоо тогтоож чадсан юм.

Рокфеллер газрын тосны томоохон цооногуудыг эзэмшдэг ч ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьдаггүй, харгис хэрцгий, татвар төлдөггүйгээрээ зартай нэгэн тул олон нийтийн бухимдлыг дээд зэргээр төрүүлдэг байжээ. РР-ын мэргэжилтэн Айви Лигийн зөвлөгөөний дагуу Рокфеллер эрс өөрчлөгдсөн. Тэрбээр ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, цалинг нь цагт нь өгч нефтийн цооногуудынхаа аюулгүй байдалд анхаарч, осол аваарт өртөгсдөд нөхөн олговор олгож эхлэв. Хахир хатуу эзэн нь ажилчидтайгаа мэндчилэн яриа хөөрөө дэлгэж, амьдрал ахуйн асуудлуудыг нь сонсдог болжээ. Энэ найрсаг байдлыг дагаад нефтийн цооногт урьдын гардаг янз бүрийн осол аваар дэлбэрэлтүүд гарахаа больсон байна. Учир нь түүний ажилчид зарим үед зохион байгуулалттайгаар ажил хаяж нефтийн цооногуудыг зориуд дэлбэлж эзэндээ асар их хохирол учруулдаг байсан гэдэг. Харин эзнийх нь зан ааш өөрчлөгдөж өгөөмөр сэтгэл гаргах болсон тул дээрх зохион байгуулалттай ажлууд ч зогсчээ. Ажилчид нь эзнээ энэрэнгүй, өглөгч нэгэн болсныг магтан талархал илэрхийлнэ.

Рокфеллер буяны үйлсэд  идэвхитэй оролцох болов
Алдарт "Стандарт ойл" корпорацийнхаа удирдлагыг бусдад шилжүүлснийхээ дараа Рокфеллер боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Чикого хотын их сургууль, Рокфеллерийн нэрэмжит их сургууль, Бүх нийтийн боловсролын зөвлөл, Рокфеллерийн сан зэргийг санаачлан байгуулсан. 1901 онд байгуулсан "Рокфеллер анагаах ухааны институт" нь хожмоо "Рокфеллер их сургууль" болон хүрээгээ тэлсэн байна. Тэрээр 80 сая ам.долларыг Чикагогийн их сургуульд хандивлаад зогсохгүй дэлхийд алдартай Харвард, Иель, Колумбиа зэрэг олон нэр хүнд бүхий их сургуулийн санхүүг хариуцдаг байлаа, Тэрбээр боловсролын талаар "Ямар ч ач холбогдолгүй, доголдолтой системтэй сургуульд туслалцаа үзүүлэх нь хэрэггүй зүйл. Үндэсний хэрэгцээнд тохирохуйц чанартай боловсролыг бүтээн байгуулахын тулд мөнгийг харамгүй зориулах болно. Мөнгө гэдэг эцэстээ үрэгдээд л дуусдаг. Боловсрол бол байж л байдаг" гэж хэлсэн байдаг. Рокфеллер 250 сая ам.долларыг иргэдийн эрүүл мэнд, анагаах ухааны сургалт болон урлагийн салбарт зориулсан байна.

Америкийн бизнесийн сайн, муу хосолсон "Эмпайр стейт билдинг" цамхагийг бариулж эхлүүлсэн. Мөн НҮБ байгуулагдсаны дараахан Рокфеллерийн гэр бүлийнхэн тус байгууллагад Гудзон мөрний хөвөөний том талбайг бэлэглэсэн. Уг талбай дээр одоогийн НҮБ-ын алдарт ордонг сүндэрлүүлсэн юм. Тэр бас НҮБ-ын барилга барихад есөн сая ам.доллар хандивласан. Рокфеллер өөрийнхөө орлогын 10 хувийг сүмд зориулсан аж.

Америкийн эд баялгийн билэг тэмдэг Рокфеллер
Рокфеллер Америкийн түүхэн дэх хамгийн агуу бизнесменээр тодорч "Америкийн эд баялгийн билэг тэмдэг", "Америкийн бизнес, улс төр, эдийн засгийн тулгуур багана", "Нефтийн үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр өсгөсөн тус салбарын сахиусан тэнгэр" болсон юм. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 368 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө манай их эзэн Чингис хааны ард буюу хоёрдугаарт бичигдэж, Америкийн шилдэг зуун бизнесмений жагсаалтыг одоо болтол тэргүүлсээр байна.

Рокфеллер идэвхитэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг байсан нь түүнийг 98 нас хүргэсэн биз ээ. Тэтгэвэртээ гарснаас хойш түүний буяны үйлсэд зарцуулсан хөрөнгө 16 настайдаа амлаж байсан амлалтаас хэд дахин илүү байлаа. Амлалтаа давуулан биелүүлсэн Жон Рокфеллер 1937 оны тавдугаар сарын 23-нд таалал төгсчээ. Түүнийг Америкчууд төдийгүй дэлхий нийтээр зөвхөн сайнаар дурсаж сайхан бүхний жишээ болгон ярьсаар л байна. Рокфеллерийн гайхамшигтай хөдөлмөрч зан чанар, амжилтанд хүрсэн түүх хэн бүхний үлгэр жишээ болсоор байна. Жон Рокфеллер тэрбумыг өвлөж аваагүй өөрөө бүтээсэн.
Category: Алдартай хүмүүсийн түүхээс | Added by: johnyfx (2009-01-19) | Author: johnyfx E W
Views: 2413 | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]